Ерөнхий мэдээлэл: Манай хайлаас нь 0.4-1 м өндөр залуу найлзуур мөчир нь ногоон шар өнгийн өтгөн холтостой. Манай мод үржүүлгийн талбайд анх үрээр үржүүлсэн. Хайлаас нь тайралт хэлбэржилт даах чадвараараа шар хуайсны дараа ордог тул ургамлан хашлага хийхэд маш сайн тохирдог. ХАЙЛААС МОДНЫ ҮНЭ ӨНДӨР ХЭМЖЭЭГЭЭСЭЭ ШАЛТГААЛААД ӨӨРЧЛӨГДӨНӨ.
Таних шинж тэмдэг
Гол иштэй титэм саглагар шүхэр хэлбэртэй мод. Манай орны нөхцөлд дунджаар 10 орчим метр өндөр ургадаг. Насны хувьд янз бүр бөгөөд Булган, Хөвсгөл аймагт тархаж байгаа хайлаасны зарим нь 200 гаруй настай хүртэл байдаг. Зарим газарт 14 метр хүртэл өндөр ургасан хайлаас тохиолддог. Хайлаасны бүдүүн ургах орчны нөхцлөөс хамаарч янз бүр байх ба дунджаар 30 см бөгөөд зарим газарт 50 см бүдүүнтэй ч ургадаг. Залуу найлзуур мөчир нь ногоон шар өнгийн холтостой. Хөгшин модны холтос саарал өнгөтэй. Навч нахиа мохоо. Навч нь өргөн юлдэрхүү, арьслаг, бараг тэнцүү талт суурьтай, энгийн шүдлэг хааяа давхар шүдлэгтэй, навчны голоос хоёр тийш гарсан тэгш тод хээтэй. Далавчит үр жимс нь дугуй ба зууван, 0.5-1 см голчтой, үр нь түүний гол дунд товойж байрлана. Хайлаас мод жил бүр 5-р сарын сүүл, 6-р сарын эхээр цэцэглэж үрлэнэ. Хайлаасны нэг онцлог бол цэцэглэсний дараа навч гардаг явдал. Үрийн болц гүйцэх үед дэвүүрийн ургалт зогсож бөөрөнхий хэлбэртэй болно. Дэвүүр нь тод ногоон өнгөөс цайвар ногоон өнгөнд шилжин аажимдаа цайвар шар өнгөтэй болдог онцлогтой. Эрс тэс цаг уурын нөхцөлд дасан зохицох чадвартай. Ургах орчин хуурайдуу, хур тунадас бага унадаг орчинд сайн ургана. Хөрс нь сийрэг үржил шим муутай, хад асгатай хайргадуу, голын эргийн элсэрхэг хөрсөнд ихэвчлэн тохиолддог. Үрээр үржүүлнэ.